Бүх хүн бизнес эрхлэгч байх албагүй ч энэ боломж хүн бүрт бий. Та ч бас хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн бизнестэй болох талаар бодож, оролдож, эсвэл аль хэдийн хийгээд үзсэн байх. Би бизнес хийх мөн үү гэдэг асуулт бид бүгдэд тулгарч байсан. Ялангуяа өөрийнхөө оюун санааг чөлөөтэй удирдаж, цагаа хүссэнээрээ зохицуулж, хэн нэг даргад захирагдалгүй дуртай ажлаа хийгээд явах мөрөөдөл нууцхан төрсөөр л явдаг. Яг ингэж ажиллаад, бас санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гарц нь бизнес мөн юм. Учир нь та мэргэжилдээ, салбартаа хамгийн сайн мэргэшсэн, чадварлаг байлаа ч үүнийгээ бизнес болгоогүй цагт хэзээ ч санхүүгийн хараат байдлаас гарч чадахгүй, бас үргэлж идэвхтэй хөдөлмөр хийсээр байна. "Баян аав, Ядуу аав" номоороо алдаршсан зохиолч, бизнесийн зөвлөх Роберт Кийосаки нийт хөдөлмөр эрхэлж, орлого ологсдыг 4 ангилсан байдаг:
1. Өөрийн хөдөлмөрөө зарж, цагаа цалингаар солигсод буюу хөлсний ажилчид
2. Өөртөө босс боловч бүх л гол ажлаа өөрөө хийх шаардлагатай хувиараа бизнес эрхлэгчид /үүнд мөн хувиараа ажилладаг үсчин, хуульч, эмч, жүжигчин, дуучин зэргийг хамруулна/
3. Өөрөө босс боловч өөрөө биш багаа ажиллуулдаг том бизнес эрхлэгчид. Өөрийнх нь идэвхитэй хөдөлмөрөөс хамаарахгүйгээр орлого тогтмол орж ирдэг том групп, компаний эзэд
4. Мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулж, мөнгөө илүү их мөнгө болгон үржүүлэхэд зарцуулдаг хөрөнгө оруулагчид
Эхний хоёр ангиллын хүмүүс байнгын идэвхитэй хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өөрөө ажиллахгүй л бол орлого зогсдог бөгөөд нийт дэлхийн хүн амын 95%-г эзэлдэг. Харин нөгөө хоёр ангиллын хүмүүс хүн амын 5% орчмыг эзэлдэг боловч нийт баялгийн 95%-г эзэмшиж байдаг. Тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс бөгөөд унтаж байхад ч мөнгө олж байдаг өөрсдийн бизнесээ босгосон гэсэн үг юм. Робертын энэ ангиллыг ихэнх бизнесийн сургалтанд загвар болгон ашигладаг бөгөөд түүний "21 зууны бизнес" номноос та энэ ангиллын талаар илүү дэлгэрэнгүй унших боломжтой. Тэгэхээр та өөрийгөө хаана байгааг олж харсан уу, та эхний хоёр ангилалд багтаж байгаа, мөн та энэ амьдралын түвшиндээ сэтгэл ханагч биш илүүд тэмүүлэгч хүн бол та зайлшгүй бизнесээ эхлүүлэх хэрэгтэй. 3,4 дэх ангиллын хүмүүсийн дийлэнх нь анх тэгээс эхэлж байсан түүхийг та олон сонссон байх, хувиараа бизнес эрхлэгчээс бүх амжилт эхэлнэ. Тэгэхээр эхэн үедээ та идэвхтэй ажиллаж бизнесээ эхлүүлэх боловч үүнийгээ зөв жолоодон босгож чадвал том бизнес эрхлэгчийн ангилал руу шилжин, та болон хайртай хүмүүс чинь дахин хэзээ ч мөнгө яаж олох вэ гэж санаа зовохоо болин харин амьдралынхаа хором мөчийг хэрхэн үнэ цэнэтэй өнгөрүүлэх талаар л боддог болно. Бизнестэй хүн өөрийн брэндийг бүтээдэг, амьдралыг үзэх үзлээ түгээдэг, бусдын амьдралд эерэг хувь нэмэр оруулдаг болно, нийгэмдээ том нөлөө үзүүлэх чадалтай болно. Танд эдгээр хүсэл, амьдралын зорилго байдаг л биз дээ. 21 зуунаас өмнө сайхан хангалуун /юмаар дутахгүй/ амьдрах дүрэм бол "Сайн сур, сайн ажилд ор, сайн шаргуу ажилла тэгвэл чи сайхан амьдарна" гэж заадаг байсан. Энийг ч дагаж хэрэгжүүлсээр ирсэн, гэхдээ та эргэн тойрны 10 хүнээ ажиглаад үзээрэй. Энэ дүрмийг дагаад үнэхээр сайхан амьдарсан жишээ байна уу гүй юу. Хамаатны нэг хүн хурим хийхэд огт санхүүгийн хүндрэлд орохгүйгээр бэлэг өгч чадаж байна уу, хэн нэгэн өвдөхөд шууд л хандив тусламж өгөх боломжтой байна, гэр бүлээрээ жилдээ нэг санаа амар аялах чадвартай байна уу? Хэрэв үгүй гэж хариулж байвал таны бодсон тэр хүн, эсвэл та санхүүгийн огт эрх чөлөөгүй амьдарч байна. Энэ байдлаас гарах гарц нь бизнес юм. Бизнес гэдэг нь заавал шинэ бүтээл гаргах, наймаа хийх, оффис аваад ажилчин цуглуулаад бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэхдээ биш ердөө та өөрт ойр байгаа, бас хамгийн эрсдэлгүй боломжийг атгаж аваад зорилгынхоо төлөө үйлдэл хийж эхлэх юм. 21 зуун гарснаар "сайн ажилла" биш "ухаалаг ажилла" гэдэг дүрэм дэлхий дахинаа үйлчилж байна. Мэдээж та шаргуу, хичээнгүй ажиллаж байж амжилтанд хүрнэ, гэхдээ насаараа тэгж ажиллана гэсэн үг биш. Ухаалгаар бизнесээ босгож ажиллавал та магадгүй 5 жилийг уйгагүй хөдөлмөрлөж зарцуулаад, 50 жилийг жаргаж өнгөрөөх боломжтой. Та ийм амьдралаар өөрөө бас гэр бүлийнхнээ амьдруулмаар байна уу, тэгвэл та гарцуугүй бизнес эрхлэх шийдвэр гаргах хэрэгтэй! Гэхдээ ямар бизнесийг, яаж гэдэг асуулт төрж байвал тун удахгүй дараагийн нийтлэлээр энэ талаар бичих болно.

#бизнес #зөвөлгөө #эхлэл #санхүүгийн эрх чөлөө
Comments