top of page

ЭНТРЕПРЁНЕРИЙН ТУХАЙ

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020


Сүүлийн жилүүдэд бүх төрлийн бизнесийн харилцаанд "энтрепрёнер" хэмээх үгийг их хэрэглэх болсон ч, яг үнэндээ ямар утгатай, ямар цар хүрээг хамардаг, ямар онцлогтойг тэр болгон сайн мэдэхгүй байх тохиолдол байдаг. Тиймээс энэ талаар товчхон бөгөөд тал бүрээс нь авч үзэхээр бид шийдэв.


Түүхэнд

Энэхүү "энтрепрёнер/entrepreneur" хэмээх үг нь анх 13-р зууны үед Францын "entreprendre" буюу "ямар нэгэн зүйл хийх, гүйцэтгэх" гэсэн утгатай үгнээс үүссэн бөгөөд 16-р зууны үеэс "энтрепрёнер" гэсэн үг "бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа" хүнийг нэрлэдэг нэр томъёо болон хөгжжээ. 1730 онд энэхүү үгийг эдийн засагч Ричард Кантиллон "санхүүгийн эрсдэлээ тооцон, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хүнийг энтрепрёнер гэнэ." хэмээн анх удаа илүү академик түвшинд тодорхойлсон бөгөөд 1800 оны эхээр эдийн засагч Жан Баптистэ Сэй болон Жон Стюарт Милл нар уг нэршлийг илүү алдартай болгосон байна. Ийнхүү түүхэн цаг хугацаа явсаар уг нэр томъёог 1980-1990 оны хооронд төрсөн миллинниал энтрепрёнерууд дижитал технологи, масс медиа-г ашиглан, шинэ бизнесийн загвар болгон дэлхий даяар хөгжүүлжээ.





Тэгвэл "энтрепрёнер" гэж яг хэн бэ?

Энэ асуултанд мэдээж маш олон янзын хоорондоо төстэй хариулт байгаа.

Хамгийн товчхоноор бол ашиг олох зорилгоор бизнесээ бий болгож байгаа хүн.

Харин "энтрепрёнершип" гэдгийг энгийнээр бизнесээ бий болгох, ашиг олох замаар түүнийгээ өргөжүүлэх үйлдэл гэж тодорхойлдог бөгөөд орчин үед илүү том асуудлуудыг шийдэж, дэлхийг өөрчлөх тухай нэр томъёо болон хувирчээ. Өөрөөр хэлбэл орчин үед энтрепрёнерууд нийгэмд өөрчлөлтийг санаачилж, шинэ буюу инновацлаг бүтээгдэхүүн бий болгон, амьдралыг өөрчлөх шинэ шийдлийг харуулдаг болсон байна. Эдгээр хүмүүсийн тод жишээ бол компьютер зохион бүтээж, түүнийг айл болгоны хэрэглээ болгосон Билл Гэйтс болон Стив Жобс, хамгийн том хүмүүсийн нийгмийн сүлжээг бүтээсэн Марк Закерберг, цахилгаан машин болон хүмүүсийг сар луу аялуулах тухай санаачилсан Элон Маск зэрэг дэлхийд томоохон өөрчлөлт авчирсан хүмүүс юм.

Ийнхүү сүүлийн жилүүдэд "энтрепрёнершип" нь өөрийнхөө гараар амжилт болон мөрөөдлөө босгох, түүнийгээ хийхдээ өөрийнхөө сонголтоор удирдан чиглүүлэх үйлдлийг хэлдэг болсон. Үүнийг дагаад "энтрепрёнер" гэдэг нь ямар ч дарга, ямар ч баригдмал цагийн хуваарьгүйгээр амьдралаа өөрийнхөө дүрмээр бүтээх явцдаа дэлхийг хүн бүхэнд зориулсан илүү сайхан газар болгох эхний алхмыг хийх чадвартай хүмүүсийг хэлдэг болов.


"Энтрепрёнершип"-ийн төрлүүд

"Энтрепрёнершип"-ийг дараах төрлүүдэд хувааж үздэг. Үүнд:

• Жижиг бизнес дэх энтрепрёнершип. Жишээлбэл, зөвхөн өөрийнхөө хадгаламж болон бусдаас зээлсэн мөнгөөрөө, эрсдэл гарган, гэр бүлээ тэжээх хэмжээний ашиг олох бизнес хийхийг хэлнэ.

• Өргөжих боломжтой стартап энтрепрёнершип. Илүү их хөрөнгөөр том компани байгуулан, илүү их ашиг олох үйл явц бөгөөд хөрөнгө оруулагчдын мөнгийг нийтэд хувьцаагаа зарах зэрэг аргаар өсгөж буцааж өгдөг.

• Том компани дахь энтрепрёнершип. Шинэ зах зээлд, шинийг санаачилдаг, дотроо багагүй хэмжээний ажилчидтай, бие даасан салбаруудтай, их хэмжээний ашиг олдог компанийг хэлнэ.

• Сошиал буюу нийгмийн энтрепрёнершип. Нийгэм, соёл, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдэх арга замыг бий болгож, санхүүжүүлж, хөгжүүлдэг энтрепрёнерууд.

Эдгээр төрлүүд нь хоорондоо ялгаатай ч тэдэнд байдаг нийтлэг чанар нь асуудлыг даван туулах, хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар болон тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэлтэй байдал байдаг. Эдгээд төрлүүд нь бүгд шинийг эрэлхийлж бизнесээ бий болгодог бөгөөд хувийн эрсдэл, алсын хараа, зорилгоороо л өөр хоорондоо ялгаатай байдаг.


"Энтрепрёнер" сэтгэлгээ төрөлхийн байдаг уу, бий болдог уу?

Ихэнх хүмүүс энэ асуултанд дундуур нь хариулах байх. Гэхдээ судлаачдын үзэж буйгаар "энтрепрёнер" сэтгэлгээ хүнд төрөлхийн байхаасаа илүү олдмол буюу тухайн хүний амьдралынх нь явцад бий болж, хөгждөг байна. Өөрөөр хэлбэл тэд энтрепрёнеруудын 5 хувь нь төрөлхийн чадвартай байдаг бол, 95 хувь нь амьдралынхаа туршлагаар уг сэтгэлгээ, чадвараа хөгжүүлдэг хэмээн тодорхойлсон. Ихэнх энтрепрёнерууд шинэ санаа төрсөн ч түүнийгээ хэрэгжүүлэхээс зайлсхийгээд байдаг. Уг нь бол хүн болгонд өөрчлөгдөх асар их чадвар байдаг, хүн өсч хөгжиж, шинэ зүйлийг хийх явцдаа улам өөртөө итгэлтэй болдог. Мэдээж өсч хөгжихийн тулд чухал мэдээллүүдийг авах хэрэгтэй байдаг бөгөөд үүнийг суралцах чадварынхаа тусламжтай олж авдаг. Суралцахын хэрээр мэдлэг нь тэлж, эрсдэлийг тооцоолох, тэвчээртэй, тууштай, асуудлыг даван туулах чадварууд болон хүсэл эрмэлзэл нь улам хөгжиж байдаг байна.


Сэтгэл судлал талаас авч үзвэл

Сэтгэл судлалын салбарын судлаачид боловсрол болон ажлын туршлага нь тухайн "энтрепрёнер" хүнийг "энтрепрёнер биш" хүмүүсээс ялгадаг гол хүчин зүйлүүд гэж үзсэн. Мөн тэд эрэгтэй болон эмэгтэй энтрепрёнерууд хоорондоо ялгаатай болохыг тодорхойлсон бөгөөд бодит байдлаас харахад эмэгтэй энтрепрёнерууд хэлэлцээр хийх, зөвшилцөлд хүрэх чадвар нь илүү байсан байна. Энэхүү судалгаагаар мөн хувиараа хөдөлмөр эрхлэх магадлал нь эмэгтэйчүүд дээр нас явах тусам багасдаг бол харин эрэгтэйчүүд дээр энэ чадвар нь нас явах тусам нэмэгддэг хэмээн тогтоожээ.

Мөн түүнчлэн судлаачид энтрепрёнер болох шийдвэр гаргахад ажлын хамтрагч болон нийгэм дэх бусад жишээ хамгийн их нөлөөлдөг болохыг хэлсэн байна. Ажлын хамтрагчийн хувьд энтрепрёнер сэтгэлгээтэй хүнтэй хамт ажилладаг хүн энтрепрёнер болох магадлал "энтрепрёнер биш" хүмүүстэй ажилладаг хүнээс хамаагүй илүү байдаг. Нийгэм дэх амжилттай энтрепрёнеруудын жишээ нь "Тэр чадаж байхад, би яагаад чадахгүй гэж?" гэдэг хандлагыг өдөөж, хүмүүст хувийн бизнесээ эхлүүлэх урам зориг өгдөг байна.


Бас нэгэн сонирхолтой баримт бол хүний туулсан, өнгөрсөн туршлага энтрепрёнер болох замд хөтөлдөг бөгөөд өнгөрсөнд ажилгүй болж байсан хүмүүс энтрепрёнер болох магадлал нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл тогтмол ажилтай, тогтмол цалинтай байдалд ихэнх хүмүүс өөрийгөө ямар түвшинд хаана яваагаа болон илүү хөгжиж дэвшиж, амьдралаа дээшлүүлэх тухайгаа огт боддоггүй, бодох боломж ч гардаггүй байх нь. Тэгэхээр та хэзээ нэгэн үед ямар нэгэн шалтгаанаар тогтмол ажил, цалингаасаа саллаа гэхэд энэ нөхцөл байдлыг эергээр харан, өөртөө ашигтай байдлаар эргүүлэн, энтрепрёнер болох сэтгэлгээгээ хөгжүүлэх гээд үзээрэй. Учир нь, та магадгүй нийгмээ болон эх дэлхийгээ өөрчлөх өөрчлөлт авчрах дараагийн мундаг "энтрепрёнер" ч байх юм билүү...



Бэлтгэсэн: Хуульч, өмгөөлөгч П.Анударь


Ашигласан эх сурвалж:


Comments


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page