• AMC

ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

Updated: Mar 17



Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь Англиар “Dietary Supplement”, “Food supplement” гэх ба Монголоор “Биологийн идэвхит бүтээгдэхүүн” юм.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэгт хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамрах бөгөөд хүний өвчнийг эмчлэх, анагаах зорилгоор хэрэглэхгүй гэж МУ-ын эм, эмийн түүхий эд, биололийн идэвхит бүтээгдэхүүн /Цаашид БИБ гэх/ -ийг бүртгэх журамд тусгажээ (Эм, 2019).

Монгол улсад хүн амын тодорхой бүлэгт хийсэн “БИБ”-ий талаар явуулсан судалгаанаас харахад судалгаанд оролцогсдын 71.8% нь БИБ гэдэг нь ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн юм гэсэн ойлголттой байхад 16% нь түүнийг эм гэж ойлгодог байна. Мөн түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 35.8% нь БИБ-ийг байнга, өдөр тутам хэрэглэж ёстой, 59.3% нь ямар нэгэн өвчин эмгэгээс сэргийлэх зорилгоор БИБ-г хэрэглэх ёстой гэсэн зөв ойлголттой байна. Гэхдээ БИБ-ий талаар “сайн” мэднэ гэж өөрсдийгөө дүгнэсэн гурван хүн тутмын хоёр нь түүнийг өдөр тутам хэрэглэх ёстойг мэддэггүй, мөн дөрвөн хүн тутмын нэг нь “эмчилгээний” зорилгоор хэрэглэнэ гэсэн буруу ойлголттой, эсвэл ямар зорилгоор хэрэглэхийг мэдэхгүй байгаа нь БИБ-ий ач холбогдол, зөв зохистой хэрэглээний талаар ойлголт бага байгаа нь харагдаж байна.

БИБ нь витамин, эрдэс бодис, ургамлын ханд бүхий найрлагатай капсул, пастил, шахмал болон нунтаг, шингэн, ампул, хэлбэрүүдээр үйлдвэрлэгдэж худалаанд гардаг. Бидний хамгийн сайн мэдэх нэмэлт тэжээлүүд нь D ба E витаминууд орно, кальци, төмөр гэх мэт эрдэс бодис, сармис, глюкозамин, пробиотик, загасны тос зэрэг тусгай бүтээгдэхүүнүүд байдаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэмэлтүүд бол multivitamins, кальци, B, C, D. витаминууд юм.

Бидэнд хэрэгтэй эрдэс бодис, витамины хэмжээ нь уураг, нүүрс ус, өөх тос зэрэг макро тэжээлтэй харьцуулахад бага байж болох ч эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь асар их юм. Хэрэв бид өдөр тутмын хоол хүнснээсээ эрдэс бодис, шим тэжээлээ хангалттай хэмжээнд авч чаддаг бол нэмэлтээр витамин, эрдэс бодис хэрэглэх шаардлагагүй юм. Гэтэл орчин үеийн хүнсний сонголт, хэрэглээ, амьдралын хэв маяг зэрэг нь БИБ-ийг хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Учир нь хүн амын хоол тэжээлээс авбал зохих шимт тэмжээлийн бодисууд шаардлага хангахгүйн улмаас амин дэм, эрдэс бодисуудын дутагдал үүсч үүнээс шалтгаалан дархлаа суларч элдэв өвчлөлд өртөмтгий болж байгааг хоол судлал, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ярьсаар ирсэн билээ.


Тэгвэл орчин үеийн хоол хүнс нь шим тэжээлийн шаардлага хангахгүй байгаа нь дараах шатлгаантай байна.

1. Хөрсний хомсдол: Урьд өмнө ургац нь хөрснөөс амин чухал шим тэжээлийг бүрэн шингээж эдгээр тэжээл нь хүмүүсийн шимт тэжээлийн хэрэгцээг хангаж чаддаг байсан юм. Харин орчин үед дэлхийн олон улс оронд, газар тариалангийн хөрсний шимт байдлыг байгалийн жамаар нөхөн сэргээхгүйгээр эрчимтэй газар тариалан эрхэлэх болсон нь хөрс эргэн нөхөгдөх, сэргээгдэх боломжгүй болгож шимт хөрсний хомсдлыг үүсгэж байна. Энэ нь тариалангийн талбайгаас шим тэжээл багатай ургац гарч буй нэг шатлгаан юм.

2. Эрлийз үр: Орчин үед бага талбайгаас их ургац авахын тулд эрлийз үрийг ашиглах болсон нь шим тэжээл багатай ургацыг бий болгож байна.

3. Бордоо: Сүүлийн үед газар тариаланд суперфосфотын бордоо ихээр ашиглах болсон нь хөрсөнд байх ашигтай микро элементүүдийг арилгадаг байна. Суперфосфатын бордоо нь азот, кали, фосфор агуулдаг боловч байгальд байдаг бусад тэжээллэг бодисоор дутагддаг байна.

4. Пестицид ба гербицид: Газар тариаланд хортон шавьж устгахад пестицид ба гербицидыг ихээр ашигладаг бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг гэмтээж, ургацын шимт тэжээллэг чанарыг бууруулдаг байна. Мөн ургацанд үлдсэн пестицид нь хүний биед орж хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

5. Тээвэрлэлт: Ургацыг хурааж дуусмагц шим тэжээлийн түвшин буурч эхэлдэг байна. Гэтэл аливаа ургац нь тариалангийн талбайгаас эхлэн дэлгүүр, хэрэглэгчиийн гарт ирэх хүртэл тээвэрлэх, хадгалах, савлах гээд асар их хугацаа, шат дамжлагыг дамждаг нь шим тэжээлийн байдлыг ихээр алдагдуулдаг байна.

6. Боловсруулалт: Хүнсний боловсруулалт нь тэжээллэг бодисын хэмжээг эрс бууруулдаг байна. Жишээлбэл, Улаан буудайг цагаан гурил болгох процесс нь түүний магнийн 80 орчим хувь, цайрын 70-80 хувь, хромын 87 хувь, манганы 88 хувь, кобальтын 50 хувийг устгадаг байна. Үүнтэй адилаар будааны боловсруулалт нь цайр, хромын 75% -ийг устгадаг байна.

7. Хүнсний нэмэлт бодис нь хоол хүнсийг улам бүр дордуулж түүнд агуулагдах шимт байдлыг устгадаг байна. Үүнд: Хиймэл амт, өнгө, тогтворжуулагч, хадгалагч бодисууд орно.

8. Хоол боловсруулах эрхтний доголдол: Хоол боловсруулах эрхтний доголдолтой хүмүүс хоол хүнснээс авах шим тэжээлийг хангалттай хэмжээгээр шингээж авч чаддаггүйн улмаас хоол тэжээлийн дутагдалд ордог байна.

9. Стресс: Хүн стрест өртөх нь кальци, магни, цайр зэрэг олон эрдэс бодисыг биеэсээ гадагшлуулдаг байна. Мөн түүнчлэн стресс нь хоол боловсруулах чадварыг бууруулдаг бөгөөд энэ нь эргээд шим тэжээлийн шимэгдэлт, ашиглалтыг бууруулдаг байна.

10. Эрүүл бус амьдралын хэв маяг: Архи уух, тамхи татах, жирэмслэлт, эмийн хэрэглээ нь шим тэжээлийн хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж байдаг. Тамхи татах, архи уух нь бие дэхь С витамины хэмжээг бууруулдаг. Мөн нэг аяга кофе ууснаар таны төмрийн шингээлт хэвийн хэмжээнээс 1/3 болж буурдаг байна. Эмийн хэрэглээний хувьд Парацетамол нь С, Е витамин, селен гэх мэт антиоксидант хэрэгцээг нэмэгдүүлдэг бол Антибиотикууд нь В витамин ба пробиотик (ашигтай бактери) хэрэгцээг нэмэгдүүлдэг. Гормоны орлуулах эмчилгээ (HRT), жирэмсэлэлтээс хамгаалах эм нь В6, В12, фолийн хүчил, цайр зэрэг витаминуудын хэрэгцээг нэмэгдүүлдэг байна.

Америкийн нэгдсэн улсын анагаах ухааны нийгэмлэг болон хүнс эмийн захиргаанаас хүн амын 75 хувь дээрх шалтгааны улмаас нь хоол хүнснээсээ шим тэжээлийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй болохыг судалгаагаар тогтоогджээ. Иймд Америкийн анагаах ухааны нийгэмлэг болон хүнс эмийн захиргаа нь хоол тэжээлийн дутагдлаа нөхөхийн тулд БИБ хэрэглэхийг зөвлөдөг байна.


Биологийн идэвхит бүтээгдэхүүний зохистой хэрэглээ

БИБ нь эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч хүн бүрт ашигтай байдаггүй. Үнэндээ зарим хүмүүсийн хувьд тодорхой нэмэлт тэжээлүүд нь, ялангуяа өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Өндөр тунгаар хэрэглэхэд зарим бодисууд сөрөг нөлөө үзүүлж, хор хөнөөл учруулж болзошгүй байдаг тул зөвхөн өдөр тутмын тунгийн хэрэглээ болон заасан тунгаас хэтрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: А аминдэмийг хэт их хэрэглэснээр толгой өвдөх, элэг гэмтэх, төмөрийн илүүдэл нь дотор муухайрах, бөөлжих шалтгаан болдог бөгөөд элэг болон бусад эрхтнийг гэмтээж болно.

Мөн түүнчлэн та эмчийн бичсэн жорын дагуу эм хэрэглэж байгаа бол БИБ-ийг хослуулан хэрэглэх тохиолдолд заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Учир нь таны ууж байгаа эм болон БИБ-ийн найрлага нь хоорондоо эсрэг урвал үзүүлэх, харшлах найрлагатай байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь: С, Е витамин гэх мэт антиоксидант нэмэлтүүд нь зарим төрлийн хорт хавдрын химийн эмчилгээний үр нөлөөг бууруулж болзошгүй байдаг байна.

Мөн та жирэмсэн эсвэл хөхүүл бол БИБ-ийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн тэдгээрийг хүүхдэд өгөхдөө заавар болон өдрийн тунг ягштал баримтлах хэрэгтэй. Учир нь ихэнх нэмэлтүүд нь жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, хүүхдүүдэд аюулгүй байдлыг сайтар туршиж үзээгүй байдаг байна.

Тамхи татдаг хүмүүс БИБ-ээс ялангуяа бета-каротиныг өндөр тунгаар хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэйг судалгаагаар тогтоосон байна. Европын Хүнсний аюулгүй байдлын газар (EFSA) нь энэ чиглэлээр судалж, өдөрт 15 мг-аас дээш β-каротиныг хэрэглэх нь нийт хүн ам, түүний дотор тамхи татдаг хүмүүст аюултай гэж дүгнэжээ.

Иймд БИБ-ийг хэрэглэхийн өмнө өөрийн биеийн эрүүл мэндийг сайтар мэдсэн байхаас гадна эрүүл мэндийн зөвлөхөөс зөвлөгөө мэдээлэл авах нь таны эрүүл мэндэд тустай юм. Түүнээс гадна БИБ-ийг сонгохдоо хаана, хэрхэн бэлтгэсэн, бүтээгдэхүүний найрлага, бие махбодид хэрхэн нөлөөлөх, ялангуяа ургамлын гаралтай эсэхийг мэдэх нь маш чухал юм.


Бэлтгэсэн: Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент Г.Золзаяа



Ашигласан эх сурвалж:


©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.