Та хувь хүн, бизнес, байгууллага ч бай сошиал медиа дээр маркетинг явуулж борлуулалтаа өсгөх, карьераа хөгжүүлэх, шинэ хэрэглэгч олох хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ биз дээ. Учир нь бидний бүх л боломжит зах зээлийн хэрэглэгчид өдөр шөнөгүй сошиал медиа хэрэглэж, мэдээллийн гол суваг нь энэ болоод байна. Хүмүүс хаана байна, тэнд бизнес оршино.
Харин гол асуудал нь өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжих энэ сошиал медиа дээр хэрхэн оновчтой ажиллах вэ? Тик Ток тренд болсон гэж байна тийшээ оръё, Инстаграм илүү үр дүнтэй гэнэ, Facebook дээр групп хөгжүүлэх үү page хөгжүүлэх үү салхины дагуу сандчих хэрэггүй, энэ нийтлэлийг уншаад миний хийх эхний алхмууд юу вэ гэдгийг мэдэж аваарай!

Сошиал медиа платформуудыг төрөлжүүлэн, ангилсан байна.
Дэлхий дээр байнгын идэвхитэй ашиглагдаж буй 200 сошиал медиа платформыг Википедиа бүртгэсэн байна. Өдөр бүрт шинээр нэмэгдэж байж ч магадгүй. Харин Монголд Facebook, Instagram, Youtube, Twitter –г хамгийн өргөн ашиглаж байна. Хамгийн өргөн цар хүрээтэй нь мэдээж Facebook, тиймээс эндээс л маркетингаа эхэл.
Хамгийн сүүлд хийгдсэн судалгааны дүнгээр Монголд давхардсан тоогоор 2,2 сая Facebook хэрэглэгч байна. Биднийг маш идэвхитэй хэрэглэгч улс болсныг энэ тоо илтгэнэ.
Маркетинг хийнэ гэдэг нь юун түрүүнд контент бүтээнэ гэсэн үг. Контент бол янз бүрийн форматаар мэдээллийг хүргэж байгаа хийц юм. Зураг, нийтлэл, видео, аудио, хөдөлгөөнт зураг, инфографик зэрэг нь контентын өөр өөр формат юм. Хийгдэх, харагдах арга нь хоорондоо ялгаатай гэсэн үг юм. Контентын хамгийн чухал зүйл нь агуулга. Агуулга нь таны бүтээгдэхүүн үйлчилгээний тухай, хэрэглэгчийн чинь асуудлын тухай, үзэж буй хүмүүс үнэ цэнэ өгөх, ач тус үзүүлэх нөлөөтэй байх ёстой. Жишээлбэл: хэрхэн цэцэг тарих вэ, үс уналтын асуудалттай хүмүүст зориулсан маск, гэртээ хялбар аргаар бялуу хийх, манай брэндийн хувцасны материалыг хэрхэн сонгодог вэ г.м.
Контентыг бэлдэхийн тулд зураг засдаг програм, бичлэг хийдэг апп зэрэг багаж хэрэгслээ бэлдэхээс өмнө зайлшгүй тодорхойлох хэрэгтэй зүйл нь таны зорилтот зах зээл юм.
Хэнд, юуг, яагаад хүргэх гэж байгаагаа мэдэхгүй бол таны контент цаг хөдөлмөрийн гарз болж, азаар нэг таарсан хүндээ хүрээсэй гэж найдаж суухтай адил. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ заавал нэг салбар чиглэлд хандсан байгаа. Түүнийг чинь худалдан авах боломжтой хүмүүст заавал нэг шийдвэрлэх шаардлагатай ижил асуудал байгаа. Түүнд нь зориулсан агуулгатай контент хийнэ гэсэн үг юм. Хэрэв та гоо сайхны бүтээгдэхүүн зардаг бол таны зорилтот зах зээл охид бүсгүйчүүд болно. Гэхдээ энэ дангаар хангалтгүй. Зах зээлээ илүү нарийвчилж өгөх тусмаа яг ямар пост оруулах вэ гэдэг чинь тодорхой болно. Гоо сайхны бүтээгдэхүүн дундаа хөгшрөлтийн эсрэг юм уу, нөсөө толбоных уу, батга сорвитой арьсанд зориулсан уу, залуу бүсгүйчүүд үү, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн авах сонирхолтой хүмүүс үү нарийн ангилагдана. Нөсөө сэвхээ арилгах хүсэлтэй хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн зарж байгаа бол тэр хүний асуудал руу чиглэсэн мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Товчхондоо хүн бүрт таалагдах гэж хичээхийн оронд зөв хүндээ л бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэнэ гэсэн үг.
Сошиал медиа маркетинг хийх дараагийн чухал алхам нь өөрийн брэндийн хэв маяг, өнгө төрхийг тодорхойлох. Зүгээр өөрийн зоргоор хийх биш нөгөө зорилтот зах зээлийн хүндээ таалагдах төрлийн хэв маяг бүрдүүлнэ. Мөн дээр өөрийн брэндийн үнэт зүйл, нийгэмд өгөх мессеж, онцлогийг тусгана. Брэнд гэдэг нь та ганцхан төрлийн бүтээгдэхүүнтэй ч байсан, үйлчилгээ үзүүлдэг ч байсан, зөвхөн өөрөө хувь хүн гэдгээр танигдахыг хүссэн ч бай түүнийг хэлж байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан брэнд үү, эзэгтэй нарынх уу, машин сонирхогч эрчүүдэд тохирсон брэнд үү гэдгээс хамааран таны оруулах контентын өнгө дизайн, формат тодорхой болно. Санамсаргүйгээр олон төрлийн пост оруулаад үзэх биш нарийн стратегитай ажиллана гэсэн үг юм. Та анх удаа сошиал медиа дээр ажиллах гэж байсан ч эдгээр зөвлөгөө нь танд хамааралтай.
Дараагийн зайлшгүй санах зүйл бол контентын чанар ба тууштай байдал. Нэг гоё зураг оруулаад маш олон Like, Share аваад өндөр хандалт авчихна гэж найдаж хэзээ ч болохгүй. Тэгдэг байлаа ч хангалтгүй. Таны сошиал медиа маркетинг байнгын худалдан авалтыг танд оруулж байх нь чухал юм. Чанарын хувьд зурагны, видео дүрсний чанар нягтаршил өндөр байх, өнгө үзэмж сайн байх, мөн өөрийн бүтээсэн контент байх зэргийг авч үзнэ. Бусдын постыг хуулаад тавих биш өөрөө контент бүтээгч байх нь давуу. Контент хийнэ гэдэг нь айхтар хэцүү зүйл биш ээ, та тус хүргэхийг хүсч буй сэдвээрээ сайхан богино эссе бичихэд л энэ контент болж болно.
Тууштай байдлын хувьд тогтмол хугацаанд пост оруулах, нэг сэдэв, формат дээрээ тогтмол ажиллах, үзэгчдэд танигдах хүртлээ тасралтгүй пост контент оруулсаар байхыг хэлнэ. Энэ нь яагаад чухал вэ гэхээр та 1. Тухайн платформын алгоритмд өөрийгөө идэвхитэй гэдгийг харуулж, пост хүртээмж сайжирна. 2. Үзэгчидтэйгээ байнгын харилцаа тогтооно, хүмүүс өдөр бүр шинэ пост харахыг хүсдэг 3. Үнэнч, байнгын фэнүүдийн хүрээллийг бий болгоно. Амжилт ганц шөнийн дотор ирдэггүй тул тэвчээртэй, мөн өөрийн брэнддээ үнэнчээр хандаарай!
Сошиал Медиа Маркетинг явуулахад юу ашиглах вэ гэвэл Facebook page ажиллуулах бол Facebook Business Manager гээд тусдаа апп байгаа. Компьютер, гар утас алинд нь ч хэрэглэж болно. Гэхдээ та илүү нухацтай, ажил хэрэгч хандахыг хүсвэл компьютер дээр ашиглаарай. Үнэ төлбөргүй бөгөөд энд маркетингийн нэмэлт хэрэгслүүд болох дүн шинжилгээ хийх, олон янзын форматаар өндөр нарийвчлалтайгаар сурталчилгаа явуулах боломжууд бий. Сурталчилгааг мэдээж мөнгөн төлбөртэйгээр явуулна, танд л гэж хэлэхэд Facebook page-н органик хүртээмж сүүлийн жилүүдэд маш ихээр багасч, зөвхөн төлбөртэй сурталчилгаанууд хүмүүст түлхүү харагддаг болсон байгаа. Тиймээс бэлэн болсон цагтаа сурталчилгаа явуулж, шинэ хүмүүст өөрийн брэндийг таниулаарай. Хүмүүс таныг хэн гэдгийг, хаана байгааг, яаж олохыг мэдэхгүй байгаа шүү дээ.
Бусад хэрэгслийн хувьд зурган контентын дизайн үнэгүй хийх боломжтой www.fotor.com, www.canva.com, зураг засах гар утасны аппууд болох SNOW, VSCO, Adobe Lightroom, контентоо хуваарьт оруулж автоматжуулах www.buffer.com, www.hootsuite.com /гар утасны апп хувилбар нь бас бий/ зэргийг санал болгоё. Ашиглахад хялбар, бас маш гоё өнгө дизайнтай контент хийх бүх зүйл нь бэлэн, үнэгүй хувилбараар ашиглаж болох гээд олон боломжийг өгдөг.

Эдгээр зүйлс нь сошиал медиа маркетинг хийх эхлэл гэдгийг ойлгоорой, цаашлаад суралцах, мэдэх, өөрийгөө хөгжүүлэх зүйлс нилээдгүй бий. Гэхдээ залхуурах хэрэггүй, одоо л мэдэж авахгүй бол улам л холдоод хоцроод байхвий. Учир нь сошиал медиа салбарын давамгайлал буурахгүйн зэрэгцээ, таны бизнес энд байршихгүй л бол цаашид оршин тогтнох боломжгүй болоод байна. Энэ нь хувь хүнд ч хамаатай. Хувь хүн өөрийгөө зөв профайлтай, өөрийн контенттой сошиал медиад байршуулснаар ажлын санал авах, үйлчлүүлэгч олох, бүтээгдэхүүнээ борлуулах, нөлөөллөө үүсгэх, хувийн бизнес эхлүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Их мэдээллийг богино хугацаанд, хялбаршуулсан байдлаар авч, сошиал медиа маркетингд суралцахыг хүсвэл Digital Ampreneur сургалтыг сонирхоорой!
Бэлтгэсэн: Digital Amcoach О.Марал
Ашигласан эх сурвалж:
Comments