top of page

ХУУЛЬЧААС АСУУДАГ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020


Гэрээгээ нотариатаар батлуулах уу?

Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг сүүлийн жилүүдэд нэлээд багасгасан. Иргэний хууль, Нотариатын тухай хуулинд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүнийг худалдах, шилжүүлэх, барьцаалах хэлцлүүд болон итгэмжлэл, гэрээслэлийг л нотариатаар заавал гэрчлүүлж байж хүчин төгөлдөр болно. Иймээс нотариатаар заавал батлуулах шаардлагагүй гэрээг батлуулж, цаг, мөнгөө үрэх хэрэггүй.


Гэрээ байхгүй, эх хувь нь байхгүй яах уу?

Хуулинд заасны дагуу шүүхэд өгч байгаа бүх бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Амаар хийсэн хэлцлийн хувьд тухайн үйл баримтыг нотлох тасалбар, мөнгө шилжүүлсэн баримт, пайз болон бусад нотлох зүйл байж болно. Тэгэхээр аливаа чухал гэрээ, хэлцлийг заавал бичгээр хийж, өөртөө эх хувийг хадгалж авч үлдэх хэрэгтэй.


Шүүхээр явбал хэр хугацаа шаардагдах вэ?

Хэрэг, маргаан болгон харилцан адилгүй, мөн шүүхийн шатанд харилцан адилгүй нөхцөл байдал үүсдэг учраас энэ хугацаан дээр тогтсон хугацаа хэлэхэд хэцүү. Хэрэг маргаан болон дээрх хүчин зүйлүүдээс хамаараад нэг хэрэг хурдандаа 2-6 сарын хугацаанд, удаандаа хэдэн жил үргэлжлэх тохиолдолд гардаг. Жишээ нь, иргэн болон захиргааны хэрэг дээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгээд, хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоног дотор тус тус шийдвэрлэнэ хэмээн хуульд заасан. Гэхдээ дунд нь олон янзын нөхцөл байдлын улмаас энэ хугацаа сунгагдаж болдог.


Хөөн хэлэлцэх хугацаа

Үйлчлүүлэгчдээс “одоо шүүхэд хандаж болох уу, энэ асуудал тэдэн онд, тэдэн жилийн өмнө болсон асуудал” гэж их асуудаг. Иргэний хэргийн хувьд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэх мэт тусгай асуудлаар нь зааж өгсөн. Захиргааны хэргийн хувьд захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.


Гэрээний нөгөө талынхаа хаягийг мэдэхгүй, яах вэ?

Ихэнх үйлчлүүлэгчид нөгөө талынхаа хаяг, цаашлаад хууль ёсоор үйл ажиллагаа явуулдаг эсэх, гаргаж өгч байгаа бичиг баримт нь хууль ёсны эсэхийг сайн шалгалгүй, хуульчаас зөвлөгөө авалгүй гэрээ байгуулдаг. Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт буюу нэхэмжлэл гаргаж болно. Гэхдээ оршин суугаа хаяг нь олдохгүй эсхүл байн байн хаягаа өөрчилж, цаг хугацаа алдах тохиолдол их гардаг учраас гэрээ байгуулахдаа нөгөө талынхаа байр байдлыг сайн судлах, хурууны хээгээр нь түц машинаас оршин суугаа хаягийг нь тодруулж авах, хуульчтайгаа зөвлөлдөж ярилцах, бичиг баримтыг хамт нягталж судлах, шаардлагатай бол хуульчаар хууль зүйн магадлан дүгнэлт гаргуулах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.


Гэрээ байгуулсан, цагдаад хандах уу?

Нөгөө талтайгаа гэрээ байгуулсан л бол цагдаагийн байгууллага иргэний хэрэг гэж үзээд ямар ч гомдол хүлээж авахгүй.


Нэхэмжлэлээ аль шүүхэд өгөх вэ?

Иргэний хэргийн хувьд нэхэмжлэлийг дийлэнхдээ хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Гэхдээ дотроо нарийвчлаад хуулинд заасан байдаг. Жишээ нь, хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана, хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно. Мөн нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал, шүүхийн онцгой харьяалал гэсэн зохицуулалтууд хуулинд байдаг. Захиргааны хэргийн хувьд, нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.

Төлбөр, төлбөрийн нөхцөл

Хууль зүйн үйлчилгээний төлбөрийн хэмжээг хуульч болон өмгөөлөгч нар өөрийнхөө боловсрол, ур чадвар, туршлага болон хэргийн нөхцөл байдал, цар хүрээнээс хамаараад харилцан адилгүй тогтоодог. Гэрээ хэлцэл байгуулах, хянах, бичгээр хууль зүйн дүгнэлт өгөх зэрэгт хуульч нар ихэнхдээ зарцуулсан цагаараа төлбөрөө тооцдог бол харин шүүхээр явах хэрэг маргааны хувьд нэхэмжилж буй үнийн дүнгээс хувьчилж тогтоодог. Төлбөрийн нөхцлийн хувьд ихэнх хуульч, өмгөөлөгч нар эхлээд урьдчилгаа төлбөр аваад, анхан шатны шүүх хурлын өмнө үлдэгдэл төлбөрөө авах, эсхүл шүүх хурлын шат болгонд үлдэгдэл төлбөрөө хувааж авах зэрэг тухайн хүний онцлог, арга барилаас хамааран янз бүр байдаг. Эхний уулзалт буюу амаар зөвлөгөө авах үед ихэнх нь нэг цагийн 50-250 мянган төгрөг гэсэн тогтсон төлбөрийн хэмжээ баримталдаг. Гадаад хэлтэй зарим хуульч, өмгөөлөгч нарын хувьд энэ дүн илүү өндөр байдаг.


Таньдаг шүүгч байна уу?

Энэ асуултыг хүмүүс хуульч, өмгөөлөгч нараас их асуудаг. Энэ нь угтаа бол авилгалыг өдөөсөн, хууль бус зүйл асуугаад байна гэсэн үг. Ийм саналыг хуульч, өмгөөлөгчид эрс няцаадаг. Тэд өөрсдийн ур чадвар, нэр төр болоод шүүгчийн хараат бус байдал, нэр төрийг хүндлээд шүүгч таньдаг байх нь аливаа хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэгдэх асуудалд огт хамаагүй хэмээн хариулдаг байх нь маш чухал. Хэн нэг шүүгчийг таньдаг байлаа гээд тухайн шүүгч хэрэг маргааныг хуулинд нийцүүлэн, хуулийн хүрээнд л шийдвэрлэнэ. Эс бөгөөс олон онцгүй үр дагаврыг дагуулах тохиолдлууд гарах тул үйлчлүүлэгч болоод хуульч, өмгөөлөгч нар аль аль нь нэг нь ийм асуулт асуудаггүй, нөгөө нь ийм асуултыг эрс няцааж хариулт өгдөг байх хэрэгтэй.



Бэлтгэсэн: Хуульч, Өмгөөлөгч П.Анударь


留言


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page