top of page

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг бид сайн мэднэ. Энэ зүйр үгний цаана өгөөд байгаа утга бол эхлээд биеэ зас буюу хувь хүн өөрийгөө хөгжүүлж, боловсруулах нь нэн тэргүүний чухал асуудал, хувь хүний хөгжлөөс бусад бүх зүйл шалтгаална гэдгийг л илэрхийлээд байгаа юм. Хувь хүний хөгжлийн тухай ярихаар ихэнх хүмүүс хүн угаасаа л цаг хугацаа явахын хэрээр хөгжиж байдаг, хүн ер нь 5 жил, 10 жилийн өмнөх шигээ байдаггүй, өөрчлөгдсөн л байдаг биз дээ гэж хариулдаг. Гэхдээ та ингэж хариулж байхдаа өнгөрсөн тэр 5 жил, 10 жилийнхээ хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, өөртөө байгаа бүх нөөц бололцоогоо ашигласан бол өнөөдрийн байгаа байдлаасаа илүү дээр амьдралтай, илүү их амжилттай байх байсан болов уу гэж бодож үзсэн үү? Тэгвэл “хувь хүний хөгжил” танд яг энэ яриад байгаа илүү дээр амьдрал, илүү их амжилтыг өгнө, тэрнээс хувь хүн хөгжлөө гээд мэдээж танд одоо байгаа болон ирээдүйд тохиолдох бүх асуудлыг шийдэхгүй, харин танд тухайн асуудалд илүү эерэгээр, илүү зөвөөр, илүү бодитойгоор хандаж, асуудлаа шийдвэрлэж чаддаг, амьдралд илүү дархлаа сайтай “Та”-г бүтээж байдаг.

Ихэнх хүмүүс хувь хүний хөгжлийн тухай сэдэв сонирхож байгаа нэгнийгээ энэ хангалттай сайн биш учраас энэ сэдвийг сонирхож байна гэж боддог. Гэвч энэ нь эсрэгээрээ, мундаг хүмүүс л тасралтгүй өөр дээрээ ажиллаж, хувь хүний хөгжилдөө анхаарсаар байдаг. Тиймээс хэрвээ та энэ нийтлэлийг уншиж, энэ сэдвийг сонирхож байвал өөрөөрөө бахархах хэрэгтэй. Дэлхий дээрх олон амжилттай хүмүүс хэчнээн сая, хэчнээн тэрбум доллартай болсон нь хамаагүй өдөр болгон шинэ зүйл суралцсаар байдаг. Хувь хүний хөгжилдөө анхааран, тогтмол суралцсанаар та өөрийгөө илүү сайн ойлгон, өөртөө байгаа хувь хүний онцгой чадвар, нөөц бололцоо, давуу тал болон сул талаа мэддэг болж, хүсэл эрмэлзэл, авьяасаа хүртэл нээн илрүүлдэг байна.

Хувь хүний хөгжлийн хувьд биеийн (physical), оюуны (intellectual or mental), нийгмийн (social), сэтгэл хөдлөлийн (emotional), оюун санааны (spiritual) гэсэн 5 гол ойлголт байдаг байна.


Мэдээж энэ 5 талаа зэрэг хөгжүүлэхийн тулд танд маш их хүчин чармайлт, цаг хугацаа орох бөгөөд хөгжихөд тань туслах арга замууд ч онлайн курс, иога, фитнесс, хувийн зөвлөх, дасгалжуулалтын хөтөлбөр, ном гээд маш олон бий. Хүн хэтэрхий их сонголт байхаар хаанаас нь сонгохоо мэдэхгүй, юу ч сонгохгүй үлдэх тохиолдол байдаг. Тиймээс хувь хүний хөгжилдөө зориулсан алхмаа жижгээс нь хийж эхлэх хэрэгтэй. Ямар нэг алхам хийж эхлэх нь огт хийхгүй байснаас хамаагүй дээр шүү дээ. “Амжилт гэдэг бол 10 хувийн урам зориг, 90 хувийн хөлс хүч” (Success is 10 percent inspiration and 90 percent perspiration) гэсэн үг байдаг шиг танд өөрчлөгдөх, илүү амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл, урам зориг байгаа л бол та үйлдэл хийгээд хөдөлмөрлөөд эхлэхэд заавал амжилтанд хүрэх нь тодорхой. Ингээд дараах энгийн алхмуудыг танд санал болгож байна. Үүнд:


Биеийн хувьд:

· Дасгал хөдөлгөөн хий. 7 хоногт 3-хан удаа 30 минут алхсанаар таны эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирна.

· Эрүүл хоолло. Шарсан хуурсан хоол, чихэрлэг уух юмнаас татгалзаад, жимс, ногоо түлхүү хэрэглэ.

· Хоолоо битгий алгас. Ялангуяа өглөөний цай таны бодисын солилцоог нэмэгдүүлдэг учир жин нэмэхээс сэргийлнэ.

· Архи, тамхи бага хэрэглэ.

· Хамгийн багадаа шөнө 6-8 цаг унт.


Оюуны хувьд:

· Мэргэжилтэйгээ болон хувь хүний хөгжилтэй холбоотой ном унших.

· Гадаад хэлээр өдөрт 15 минут нийтлэл, ном унших.

· Подкаст сонсох.

· Өөрт өгөгдсөн даалгавраа аль болох гадаад хэл дээр, гадны эх сурвалж ашиглаж гүйцэтгэх.

· Хийж чадахгүй байж магадгүй гэж бодсон даалгавраа авч, судалж, хийж гүйцэтгэх.

· Олны өмнө гарч ярих зэрэг айдаг зүйлээ хийж сурахын тулд 1 минут эхлээд хүмүүсийн өмнө дуулж үзэх, айдсаа даван туулах.


Нийгмийн хувьд:

· Хувь хүний хөгжилд тань хувь нэмэр оруулах, шинэ хүмүүстэй танилцах арга хэмжээнүүдэд оролцох.

· Хувь хүний хөгжилтэй холбоотой арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг байгууллага, холбоонд нэгдэх.

· Шинэ танил, шинэ найз нөхөдтэй болох, хамтдаа шинэ зүйл туршиж үзэх.

· Олон нийтийн газар зөв боловсон биеэ авч явах, өөрийнхөө үзэл бодлыг олон нийт дунд илэрхийлж чаддаг байх.


Сэтгэл хөдлөлийн хувьд:

· Асуудал үүссэн ч эерэг хандлагаа хадгалдаг байх, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг байх.

· Цагийн зохион байгуулалтаа сайн хийж, өөрийгөө стресст оруулахгүй байх.

· Үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлэх итгэлтэй найзтай байх.

· Ажил болон ар гэрийнхээ уур амьсгалыг, нэг асуудалд нөгөө асуудлыг холихгүй байх.

· Бусад хүний өөрийнхөөсөө өөр үзэл бодлыг хүндэтгэж сонсдог байх, өөрийн үзэл бодлоо бусдад тулгахгүй байх.


Оюун санааны хувьд:

· Шашин шүтдэг бол түүнийхээ талаар судалж, илүү мэддэг байх.

· Өөрийнхөө амьдралаас яг юу (материаллаг бус) хүсдэгийг олж тодорхойлох.

· Өдөрт зөвхөн өөртөө цаг гаргаж, өөрийгөө сонсдог цаг гаргадаг байх.

· Өөрийгөө хүрээлэн буй байгаль дэлхийдээ анхаарлаа хандуулдаг байх.


Ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд хувь хүний хөгжил бол маш олон талаас нь авч үзэж болох өргөн хүрээг хамардаг, том сэдэв. Мэдээж хувь хүний хувьд хөгжихөд цаг хугацаа, хувийн сахилга бат шаардагдах бөгөөд өөртөө оруулж болох хамгийн том хөрөнгө оруулалтын эх сурвалж бол – ТА өөрөө байдаг. Олон хүмүүс үр дүн нь хэмжих боломжгүй байдаг учраас хувь хүний хөгжлийн асуудлыг анхааралгүй орхигдуулдаг. Гэтэл амжилтын гол түлхүүр нь амьдралын янз бүрийн нөхцөл байдалд өөрийгөө удирдаж чадах хувь хүний чадвар байдаг.



Бэлтгэсэн: Хуульч, өмгөөлөгч П.Анударь



Ашигласан эх сурвалж:




Comments


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page