• AMC

ТА ЯМАР ТӨРЛИЙН ЭЭЖ ВЭ?

Updated: Mar 17

Ээж хүний эрхэм чухал зүйл бол хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд хайртай гэдгээ мэдрүүлэх явдал гэж сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжилтнүүд хэлдэг. Ээж бүхэн л үр хүүхдээ хайрлаж тэднийгээ хайраар дутаахгүй сайн ээж байхыг хичээдэг. Гэтэл сайн эсвэл муу ээжийн тодорхойлолт нь хэнээс асуухаас хамаарч өөр өөр байна.

Мэдээж сайн ээж гэсэн жор энэ хорвоод үгүй. Хэрэв тийм жор байсан бол бүгд тэр жорын дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж амжилтанд хүргэх байсан байх.



Амьдралын хэв маяг, өссөн орчин, хүмүүжил гээд олон зүйл сайн ээж байхад нөрөөлдөг. Та хүүхэд насаа эргэн дурсаж, ээж тань таныг хэрхэн хүмүүжүүлдэг байсан тухай бодоод нэг үзээрэй...


Та ээжийгээ ямар байгаасай гэж хүсдэг байсан бэ?

Таны дэргэд үргэлж байдаг ХАЛАМЖЛАГЧ ЭЭЖүү

Үзэсгэлэнгоо өөртөө арчаатай ХӨӨРХӨН ЭЭЖ үү

Өглөө нарнаас үдшийн бүрийн болтол хөдөлмөрлөж, өмсөх хувцас, идэх хоолыг тань таслахгүйн тулд зүтгэдэг ӨӨРИЙГӨӨ МАРТСАН ЭЭЖ үү

Ажил хэрэгч авхаалжтай, ЦОГ ЗОЛБООТОЙ ЭЭЖ үү

Ааш муутай, чанга дуутай УУРТАЙ ЭЭЖ үү

Ааш ялдам, үлгэрлэн зөвлөж, үргэлж НАЙЗ ШИГ ТАНЬ БАЙДАГ ЭЭЖ үү


Таны ээж эдгээрийн аль нь вэ? Та өөрөө аль төрлийн ээж вэ?

Та ямар ээж байхаас хамаарч таны хүүхдэд тохирсон хүмүүжлийн жор бий болно. Алим мөчрөөсөө хол унададгүйн адил хүүхдээ хүмүүжүүлэхдээ та бид өөрсдөө зөв байж үг үйлдлээрээ үлгэрлэх юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс ээжүүдийг үндсэн таван хэв шинжид ангилан тодорхойлсон ба эдгээр төрлийн ээжүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ дараах давуу болон сул талуудыг гаргадаг байна.




Иймд ээж та эхлээд өөрийгөө танин мэдээрэй:


1. Төгс ээж

Ийм төрлийн ээжүүд гадаад төрх, бусдад харагдах байдлаар төгс, зарчимч мэт боловч хэт хяналттай, айдас, түгшүүртэй байдаг. Тэрээр харилцаанд тууштай хандах чадвартай, хийж буй бүх зүйлдээ хариуцлагатай, найдвартай байдаг ба шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг үндсэн шинж чанарууд гэж үнэлдэг. Сэтгэл хөдлөлийн хувьд бусдын санаа бодлыг өөрийнхөөсөө чухалчлан үздэг бөгөөд бүхий л хүн өөрийг нь харж, шүүж байна гэсэн мэдрэмж өндөр байдаг тул алдаа гаргахаас айдаг.

Ийм ээжүүдийн өсгөсөн хүүхдүүд хашир, сэтгэлийн хөдлөл бага, нээлттэй биш, шийдвэр гаргах чадвар муу байдаг байна. Ээж та хүүхдээ хүүхэд гэдгийг нь мартаж, гаргасан алдаа бүрт шийтгэл зэмлэл хүлээлгэж, бусдаас илүү даваа байлгах гэж зүтгэснээр таны хүүхэд аймхай, сул дорой, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөртөө биш бусдын аяыг харсан хүн болдог байна.


2. Урьдчилан таамаглах аргагүй ээж

Сэтгэл түгшсэн, ууртай, хэт их сэтгэлийн хөдлөлтэй ийм төрлийн ээжүүд аливаа зүйлийг сэдгэл хөдлөлөөр хийх нь олонтаа. Амьдралын хэв маяг зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнд суурилдаг. Ийм төрлийн ээжүүд мэдрэмж өндөртэй. Ихэнхдээ гайхалтай урам зоригтой хүмүүс байдаг бол хамт ажиллагсад, найз нөхөд, гэр бүлийнхэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чаддаг. Хэт сэтгэлийн хөөрлөөс шалтгаалан сэтгэл санааны хувьд эмх замбараагүй байх нь элбэг. Аливаа зүйлийг хэт туйлшуулан боддоггүй уурлах, инээх нь амархан хүмүүс байдаг. Бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжийг маш сайн уншиж чаддаг мэдрэмтгий хүмүүс юм.

Тэрээр сэтгэлийн хөдлөлөөр оюун ухаандаа асуудал, хямралыг бий болгож, хүүхдүүддээ дамжуулж өгдөг. Ийм ээжүүд сөрөг сэтгэл хөдлөлдөө эргэн тойронд байгаа хүнээ буруутгах, өөрийнх нь буруугаас боллоо гэх мэт гэмших сэтгэл төрүүлж энергийг нь устгаж байдаг. Энэ ээжийн хүүхдүүд тайван бус, сэтгэлзүйн хувьд эмзэг болох магадлалтай байна.


3. Найз ээж

Энэ ээж нь хүүхдүүдтэйгээ адил тэгш хандахыг эрхэмлэдэг. Хүүхдэдээ ээж гэхээсээ илүү яг ижил үүрэг хариуцлага бүхий бие даасан хүний хувиар харилцдаг. Найз ээжийн хүүхдүүд эцэг эх, хүүхэд, гэр бүлийн хоорондын харилцааны хил хязгаарыг ойлгодог. Тэд бусдад найддаггүй өөрөө бүгдийг гардан хийдэг. Тэд өөрсдийгөө удирдаж, өөрийнхөө үйлдэлд үүрэг хариуцлагыг хүлээх ёстойгоо мэддэг. Сэтгэл хөдлөлийн хувьд эрхлэх, хайрлах мэдрэмж багатай тул харилцаанд дургүй, уйтгартай хүмүүс болж төлөвших нь элбэг байна. Иймд энэ төрлийн ээжүүд хүүхэдтэйгээ адил тэнцүү хариуцлага гэхээсээ илүү хайрыг мэдрүүлж эрхлүүлж, хамгаалж, халамжлах хэрэгцээг нь нөхөж байх хэрэгтэй байна.


4. Би төвт ээж

Энэ хэв маягийн ээж хамгийн түгээмэл байдаг бөгөөд хүүхдээ тусдаа хувь хүн гэж хүлээн зөвшөөрч чаддагүй, бүгдийг хүүхдийнхээ өмнөөс хийдэг. Ийм төрлийн ээжийн хүмүүжүүлсэн хүүхэд өөртөө итгэлгүй, бусдыг даган дуурайх нь элбэг байдаг. Тэд бусдыг дэмжихдээ туйлын сайн бөгөөд үнэнч, бусдын хэрэгцээг үнэлж чаддаг. Сэтгэл хөдлөлийн хувьд тэд шийдвэр гаргах чадвартаа эргэлзэж, аливаа асуудалд өөрийн мэдрэмжид итгэхэд хэцүү байдаг учир ээжийн бодол нь тэднийхээс илүү чухал, хүчтэй байдаг.


5. Сайн ээж

Сайн ээж нь бусад дөрвөн хэв маягийн хамгийн сайн шинж чанарыг нэгтгэдэг. Сэтгэл санааны хувьд тэнцвэртэй тэрээр хүүхдээ хувь хүн гэж харж, бие даасан байдлаа олж авахад нь тусалдаг. Тэр өөрийгөө бүрэн төгс төгөлдөр гэж боддогүй ч ээжийн үүрэг хариуцлагыг маш сайн хүлээдэг. Энэ ээжийн давуу тал нь өөрийгөө хайрлаж, ойлгодог тул өөрчлөлтийг мэдэрч, татгалзлаас айхгүйгээр харилцааг эхлүүлдэг. Сэтгэл хөдлөлийн хувьд тэд бусдын санаа бодлыг сонсож, үнэлэх чадвартай, ухамсартай байдаг байна.


Та дээрх хэв шинжүүдээс өөрийгөө алинд нь илүү хамаарч эсвэл хосолж байгааг мэдсэн бол хүүхэд дээрээ гаргадаг алдаа , дутагдлаа ойлгон ухаарсан байх. Хүүхэд гэдэг цав цагаан цаас бөгөөд түүнийг ямар хүн болгож хувиргах нь ээж танаас хамааралтай. Иймд ээж танд хэрэг болох, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь туслах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.


Өөртөө анхаарал тавих.

Таны гэр бүлдээ, хайртай үрсдээ өгч чадах хамгийн том бэлгүүдийн нэг бол өөртөө анхаарал тавих явдал юм. Таны бие, оюун ухаан, мэдрэмж ба сүнс. Харамсалтай нь олон эмэгтэйчүүд өөрсдийнхөө хийх ажлын жагсаалтын төгсгөлд өөртөө анхаарал тавихыг бичдэг. Тэд үргэлж бусдын төлөө анхаарлаа хандуулж, хэт их ажиллаж, бүгдийг зохицуулах гэж зүтгэсний улмаас өвдөж, уурлаж, стрессдэж өөрийн эмэгтэйлэг уян зөөлөн хайр татам шинж чанаруудыг алдаж эхэлдэг . Үүнийг та хэдийгээр гэр бүл үр хүүхдийнхээ төлөө гэж бодох боловч үнэн хэрэгтээ та өөрийн үнэ цэнэ мэдрэмжээ аль хэдийн алдаж зүгээр л ууртай, ааштай эмэгтэй болсон байдаг. Ууртай ааштай эмэгтэй бусдын нүдэнд сайхан харагдаж, бусдад аз жаргал өгч чадна гэж үү?

Та нэг удаа үр хүүхдээ орхин гарч найзуудтайгаа уулзаж наргилаа гээд, хоёр цаг гоо сайханд орж стресс ядаргаагаа тайллаа гээд, өрхийн орлогоноосоо хэдэн төгрөг зарцуулж гоё ганган хувцас авлаа гээд, нэгэн орой нөхөртөө хоол хийж өгөхгүй байлаа гээд муу ээж, муу эхнэр болохгүй. Харин ч эдгээр зүйлийг амьдралдаа байх ёстой зүйл мэт хүлээн авснаар та аз жаргалтай эмэгтэй байх болно. Үзэсгэлэнт хөөрхөн эхнэртэй, аз жаргалтай ээжтэй байснаар үр хүүхэд гэр бүл тань амьдралд илүү таашаалтайгаар хандаж, эрүүл аз жаргалтай байх болно гэдэгт итгээрэй.


Эрүүл мэндэд анхаарах

Хооллолт: Гэр бүл үр хүүхдийнхээ хоолны сонголтыг хийхдээ жимс ногоо түлхүү хэрэглүүлж, олон төрлийн амт чанар сайтай хоол ундыг бэлтгэн, хооллох соёлд багаас нь бэлдэх. Ээжүүд бид үр хүүхдээ хооллохдоо утас, зурагт үзүүлэх, хоолны ширээн дээр бус хүүхдийнхээ араас даган хоолыг нь халбагадаж өгөх нь ирээдүйн буруу зуршилд хөтөлж буй хэлбэр юм. Хоолыг тайван сууж идэх нь юу идэж байгаагаа ухамсарлах, таашаал авах, хэр их идэхээ тохируулах, хоолыг сайн боловсруулж, тэжээллэг бодисуудыг шимэгдүүлэх боломжийг олгодог байна.

Дасгал хөдөлгөөн: Бүх насны хүүхдүүд өдөрт 60 минутын дасгал хийснээр эрүүл саруул байх үндэс бүрддэг. Ой хагасаас таван нас хүртэлх хүүхдүүд хамгийн их хөдөлгөөнтэй байдаг. Иймд хүүхдийн насанд тохирсон аюулгүй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийлгэж хэвшүүлэх хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ хөгжилдөн өдөрт 30 минут бүжиглэх, гадуур алхах, ямар нэгэн спортоор идэвхитэй хичээллэж хэвших нь хүүхдийн аз жаргалын дааварыг улам нэмэгдүүлдэг байна.

Нойр: Нойр нь хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүнд ч эрүүл амьдрах тулгын гурван чулууны нэг юм. Хүүхдийг тогтмол цагт унтуулж, өдөрт 9-11 цаг унтуулж сургах нь хэл ярианы хөгжил, эрдэм номд суралцахад хүчтэй дэмжлэг үзүүлдэг байна. Иймд та хүүхдээ өдөр бүр эрт унтуулахад онцлон анхаарах хэрэгтэй.


Нээлттэй харилцах

Хүний оюун ухаан шүхэр шиг нээлттэй байхдаа илүү ажилладаг гэдэг. Ээжүүд бидэнд байдаг нэг том алдаа нь хүүхэдтэйгээ өөрсдөө сэтгэлээ нээж ярьдаггүй байж, хүүхдээсээ олон асуулт асуудаг. Энэ нь хүүхдэд байцаагдаж буй мэт сэтгэгдэл төрүүлж худлаа ярихад хүргэдэг байна. Иймд та хүүхэдтэйгээ ярилцахдаа эхлээд өөрөө сэтгэлээ нээн ярилцаж өөрийгөө ойлгуулан, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тэдний саналыг сонсдог байх нь чухал юм.

Чимээгүй хүүхдийн сэтгэл зүй нь ээж ааваас эхлэлтэй бөгөөд хүүхдээсээ юм асуудаггүй, хүүхэдтэйгээ сонирхолтой байдлаар харилцдаггүйгээс үүдэлтэй байна. Нөгөөтэйгүүр ээж аавууд хүүхдээ яриулангуутаа эргээд өөрийнх эсрэг ашиглаж, хүүхдээ буруутган аашилж загнасны улмаас хүүхэд “Ээж, аав намайг ойлгодоггүй” гэсэн дүгнэлтэнд хүрдэг байна. Энэ нь хүүхдийг эрсдэлтэй байдал руу түлхдэг.




Хариуцлагатай байх

Хүүхдийн зан төлөвийг зөв хөгжүүлэх: Ээжүүд хүүхдийнхээ зан байдлын онцлог шинжүүд дээр нь түшиглэн сайн муу, зөв бурууг өөрсдөөр нь ялган салгуулж, багаас нь өөрсдийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, амьдралын зөв дадал хэвшүүлэх, эерэг сайн сайхан зан чанарыг эзэмшүүлэх хэрэгтэй.

Зэмлэл, шийтгэлээс хол байлгах: Хүүхэд бүрт 80 хувийн сайн сайхан чанар байдаг бол ердөө 20 хувийн сул, муу чанар байдаг. Харин эцэг эхчүүд 20 хувийн муу чанар дээр анхаарал хандуулж хүүхдээ загнаж зандардаг. Хүүхдээ сахилгагүйтэх, алдаа дутагдал гаргах үед зэмлэлээс илүү буруу зөвийн ялгааг учирлан тайлбарлаж, ойгуулах нь ээж таны хариуцлага юм. Таны хүүхдэд магтах мянган шалтгаан байхад зэмлэх ганцхан шалтгаан дээр буруушааж хүүхдээ унтрааж байдагаа ээжүүд анзаардаггүй. Хүүхдийг хэт их зэмлэж буруушаах нь түүнийг өөртөө итгэлгүй, сул дорой болгодог байна.

Дэг журам сахилга батыг бий болгох:

Үүнийг хийж эхлэх хамгийн эхний хүн ээж та өөрөө юм. Учир нь хүүхэд таны үг болон үйлдлээс үргэлж суралцаж төлөвшиж байдаг.

Тэгэхээр та хүүхэддээ болно болохгүй гэж хэлэхийн өмнө өөрийн буруу үйлдэл, сөрөг зан аашаа, зөв үйлдэл, сайн чанараар сольж хүүхэддээ үлгэр жишээ болох хэрэгтэй. Сахилга бат гэдэг ердөө болох болохгүйн зааг юм.


Сайн сонсогч байх

Зарим хүүхдүүд байгалиас заяасан илэрхийлэлтэй бөгөөд тэд сайн ярилцаж чаддаг бол зарим нь тантай ярилцахын тулд маш их урам зориг, хүчин чармайлт гаргах болдог. Хамгийн эхний зүйл бол та хүүхдээ сонсоход нээлттэй байх, хүүхэд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Та хүүхдээ сонсохгүй байх нь таныг хэзээ ч сонсдоггүй хүүхдийг бүтээдэг. Тэд таны цаг зав, анхаарал халамжийг хүртэх эрхгүй гэсэн сэтгэл гутралтай болдог. Иймд та хүүхдээ үргэлж сонсож санаа бодлыг нь анхаарч үздэг байх нь сайн ээжийн бас нэгэн ухаан юм.


Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах

Ээж байхын хувьд хүүхдэдээ уурлаж, гомдох нь байж болох зүйл. Харин ийм сэтгэл хөдлөл гаргасныхаа төлөө хүүхдээсээ уучлалт гуйж тэднийхээ ямар үг үйлдэл ээж, аавд нь ийм гормон ялгаруулж, сэтгэл хөдлөл бий болгосныг тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй. Ингэж хэлснээр эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхэддээ ойлгуулж, хүүхэд тань сэтгэл хөдлөл бидэнд байдаг л зүйл юм байна гэдгийг ойлгох болно.



Хүүхдийнхээ мэдрэмжийг асууж байх

Гэр бүлийн орчин бол хүүхдийн хамгийн анхны гадаад орчин, анхны дохио, анхны мэдээлэл байдаг. Тэгэхээр тэрхүү орчноос авсан мэдээлэл, дохио нь хүүхдийн дараагийн мэдрэмж сэтгэл хөдлөлүүдийн суурь үзүүлэлт нь болдог. Бид хүүхэдтэйгээ ярилцахдаа хоорондоо мэдрэмжээ хуваалцах боломжийг олгох хэрэгтэй. Хүүхдүүд бусдад муухай, эсвэл сайхан үгийг хэлэхэд ямар байсан, энэ үгийг сонсоход ямар санагдсан, хүүхдэд ийм мэдрэмж төрүүлснээ мэдсэнийхээ дараа чамд ямар сэтгэгдэл төрж байна гэх мэтээр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нь гаргаж байх. Зөвхөн оюуны чадамж нь тэдний ирээдүйн амьдралын аз жаргал, амар амгалан амжилт бүхнийг бий болгож чадахгүй. Энэ нь аливаа зүйлийг тооцоолон бодох оюун ухааны чадвар юм. Гэхдээ өөрийн чадвараа ашиглах, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах, бусдын сэтгэл хөдлөлийг хүлээж авах, зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд тууштай хичээж чадах сэтгэлийн чадваргүй бол ирээдүйд амжилтад хүрэх боломжгүй болж юм.


Бэлтгэсэн: Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент Г.Золзаяа



Ашигласан эх сурвалж


©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.