top of page

ТА ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХАД БЭЛЭН ҮҮ?

Writer: AMCAMC

Updated: Apr 14, 2020

Дэлхий дахинаа кроновируст халдвар хурдацтайгаар тархаж буй өнөө үед хүн бүхэн сандрал, айдаст автан хоол унд, эм тариа бусад ахуйн хэрэглээний зүйлсээ нөөцөлж байна. Гэтэл тэдгээр нөөцөлсөн зүйлсийг хэдий хугацаанд хэрэглэхээ төдийлөн тооцоолохгүй нэг нэгнээсээ өрсөн зохиомол хомсдлыг бий болгосоор л байна. Ийнхүү дэлгүүр хоршоо хоосолж, бараа бүтээгдэхүүн дээр овооролдон байх зуур та энэ айхтар вируст халдварыг авах бүрэн боломжтой юм. Иймд аль болох олон хүн цугларсан газар очихгүй байх, дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ ариутгаж гэр орондоо оруулах, эрүүл мэндийн байгууллагын өгч буй заавар зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, хувийн ариун цэврийг сайтар сахихад бид энэ өвчнөөс сэргийлж чаднаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Иймд бид айж сандрах биш заавар журмаа дагаад сурчихад энэ аюул хэзээ нэгэн цагт дуусах нь тодорхой, энэ бол цаг хугацааны асуудал юм.



Харин бидний санаа зовох зүйл бол дэлхий дахинаа нүүрлээд буй дараагийн хямрал болох эдийн засгийн хямрал юм. Дэлхий дахинаа аюулт халдварын улмаас улс орон бүр хорио цээр тогтоож, шилжилт хөдөлгөөнийг зогсоосноос ресторан зоогийн газар, аялал жуулчлал, агаарын тээвэр гээд олон олон бизнес хаалгаа барьж олон буурай орнууд эдийн засгийн хямралд өртөх нь тодорхой болоод байгаа билээ. Бизнес эрхлэгчдийн хувьд ч бүсээ чангалж энэ том давалгаанд завьтайгаа хөмөрчихгүй шиг үлдэхийг зорьж байна.

Харин жирийн иргэд маань энэ хямралд бэлэн үү? Энэ хямралыг хэрхэн даван туулах талаар та бидэнд төсөөлөл байна уу?

Harvard Business School Online компаниас явуулсан судалгаанаас гурван хүн тутмын хоёр нь эдийн засгийн хямралд ороход бэлэн биш байгааг тогтоосон байна. Тэгвэл танд эдийн засгийн хямралд бэлтгэхэд тань туслах хэдэн зөвлөмжийг хүргэж байна.


1. Өөрийгөө үнэ цэнэтэй ажилтан гэдгээ харуулах

Хэрэв та ажил хийдэг бол одоо байгаа ажилдаа илүү анхаарч хамгийн сайнаараа ажиллах хэрэгтэй. Учир нь эдийн засгийн хямралын үед албан байгууллага бүр задлаа хэмнэхийн тулд ажиллах хүчний цомхотгол хийдэг. Мэдээж цомхотголыг хамгийн эхэнд шаардлагагүй ажлын байрыг цомхотгох, ажилтны тоог цөөрүүлэх гэх мэт арга хэмжээ авдаг. Байгууллагын дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд цомхотгол хийхэд шаардлагагүй ажлын байраас гадна ажлын гүйцэтгэл, ажлын хурд, ажилд хандах хандлага, ажилд хөрвөх чадвар гэх мэт хүчин зүйлүүдийг хардаг гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй биз. Иймд та энэ цаг үед элдэв дүрэм журам ярьж гомдоллохын орон өөрийнхөө ажлыг хамгийн сайнаар хийх нь энэ давалгаанд өртөхгүйгээр үлдэхэд тань тус болно. Иймд та "өөрийгөө үнэ цэнэтэй ажилтан” гэдгээ харуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өөрийгөө орлуулашгүй, хөрөнгө болгох хэрэгтэй.


2. Б төлөвлөгөөг боловсруулсан байх


Хямрал, хорио цээрийн энэ үед олон хүн гэртээ үлдэж байгаа тул та аль хэдийн Б төлөвлөгөөг боловсруулсан байх хэрэгтэй. Та дан ганц үндсэн ажилдаа найдан ирээдүйг хүлээн суугаа юм биш биз. Та өөрийн хобби, сонирхол, өмнө нь хэрэгжүүлж эхэлж чадаагүй ажлуудаа хийж орлогын эх үүсвэр бий болгох арга замыг хайх хэрэгтэй. Мөн түүнчлэн амралтын өдрийг ч та зүгээр өнгөрөөж суух эрхгүй юм. Дижитал ертөнцийг ашиглан өөрийн ажил мэргэжил, хоббигоороо бусдад зөвлөгөө мэдээлэл өгөх, онлайн сургалт зохион байгуулах зэрэг орлого олох боломжийг хайх хэрэгтэй.


3. Шинэ чадвар эзэмших

Энх тунх цагт элэг бүтэн үед өглөөнөөс орой нэг л замаар нэг л хийдэг ажлаа хийн, цалин цагтаа бууж, санаа зовох зүйлгүй явсаар амьдрал танд болж байгаа юм шиг санагдаж өдий олон жилийг та ардаа үджээ. Гэвч одоо өрсөлдөөн гэдэг зүйл өмнөхөөс тань илүү ихээр тулгарах тул та өөрийн чадвараа нэгээр нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ үе, шинэ залуус түрэн гарч, дижитал ертөнц эдийн засгийн хямралтай зэрэгцэн буй энэ үед хэн ч гэсэн хамгийн шилдгийг, хамгийн сайныг сонгож, 2 хүн ажиллуулснаас 1 чадвартай хүн л ажиллуулахыг хүснэ шүү дээ. Иймд та зах зээлд ашиглах боломжтой шинэ чадварыг эзэмших нь нэн чухал юм. Энэ цагт чадвар гэдэг таныг хамгаалах хамгийн том аврал байх болно.


4. Мөнгөн хуримтлал бий болгох

Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд дор хаяж 6 сарын турш өөрийг тань тэжээх яаралтай тусламжийн сан буюу мөнгөн хадгаламжтай байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн та ойрын хэрэглээний мөнгийг бэлэн байдлаар хадгалах нь зөв юм. Учир нь банкны симтем доголдох, хөл хорионд орох гэх мэт бидний төсөөлшгүй шалтгаануудыг таамаглахад илүүдэхгүй юм.


5. Үргүй зардал гаргахгүй байх

Энэ цаг үед та өөрийн болон өрхийн хэрэглээний зардлыг чухлаас нь чухал биш рүү нь эрэмбэлж чухал биш зардлуудыг хасах хэрэгтэй. Та худалдан авалт хийхдээ аль болох үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэж чадвал улс орон эдийн засгийн хямралаас түргэн гарахад нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Мөн бизнес эрхлэгчдийн хувьд түншүүдтэйгээ харилцаа холбоо сайтай байж, бизнес харилцаандаа хамтын харилцааг чухалчилж, харилцан ашигтай хамтран ажиллах нь эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар даван туулахад чухал нөлөө үзүүлэх билээ.


6. Сэтгэл зүйгээ удирдах

Хямралын энэ үед та сэтгэлзүйгээ удирдаж бэлтгэх нь хамгийн чухал зүйл юм. Хямарч байна гэж даган хямрах биш сэтгэл санаа бие бялдараа чийрэгжүүлж бүх зүйлд урьдаас бэлтгэлтэй хандах хэрэгтэй.

Хүн байнгын стресстэж, аливаа зүйлд санаагаа чилээх нь хүний дархлааг сулруулж өвчинд нэрвэгдэх гол үндэс болдог байна. Мэдээж хүний дархлаа сулрах тусам олон янзын өвчин тусах нэг шалтгаан болдог. Иймд та аль болох өөрийгөө хэцүү бодлоосоо ангижруулж, нөхцөл байдлыг хөндлөнгөөс харж, өөрийн дуртай зүйлээ хийхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн таныг стрест оруулдаг, үзэл бодол бодол таардаггүй хүмүүстэй яриа өрнүүлэхгүй байх, өөрийг тань дэмждэг ойлгодог хүмүүстэй ярилцаж, сэтгэл зовоосон асуудлаа ярилцаж, шийдвэрлэдэг байх нь таныг асуудлаас ангижирч, сэтгэл зүйгээ зөв удирдахад тань туслах болно.


Бэлтгэсэн: Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент Г.Золзаяа


Ашигласан эх сурвалж


Comments


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page