top of page

НЭТВОРКИНГ

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020

“Нэтворкинг” гэдэг нь ижил төстэй мэргэжил, сонирхол, хоббитой хүмүүс өөр хоорондоо мэдээлэл болон санаа бодлоо солилцох үйл ажиллагаа юм. Бизнесийн хувьд нэтворкинг гэдэг нь бизнес эрхлэгчид бизнесийн харилцаа тогтоох, бизнесийн боломжуудыг хайх, мэдээллээ солилцох болон боломжит хамтрагч хайх зорилгоор хийдэг нийгэм-эдийн засгийн үйл ажиллагаа юм.

Нэтворкинг гэдэг нэршил 20-р зууны 2-р хагасаас Америк (АНУ) -т үүссэн бөгөөд 1970 оноос хөгжиж эхлээд, 1990-д оны дундаас хүмүүсийн өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгддэг болсон байна. 20-р зууны дунд үеэс өмнө нэтворкинг гэдгийг бид зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд л ойлгодог байсан бол 90-д оноос хойш ийнхүү хувь хүний, мэргэжлийн, бизнесийн гэсэн илүү өргөн хүрээнд ойлгож, хэрэгжүүлэх болов. Өнгөрсөн үед байсан Бенжамин Франклин, Эндрю Карнеги, Хэнри Форд, Жон Д.Рокефеллер зэрэг олон амжилттай бизнес эрхлэгчид нэтворкинг хийх аргаар агуу үр дүнгүүд гаргаж байсан байна.


Өнөөдөр дэлхий даяар маш олон бизнесүүд нэтворкингийг өөрсдийн маркетингийнхаа гол хүчин зүйл болгон ашигладаг болжээ. Бизнес эрхлэгчид нэтворкингд түшиглэсэн бизнесийг илүү эрж хайх болсон бөгөөд одоо байгаа харилцаагаа бэхжүүлж, шинэ харилцаа нэмж тогтооход анхаарах болсон байна.

Учир нь нэтворкингд суурилсан бизнес нь нээлттэй, баригдмал биш, дэмжлэгтэй байдаг бол, харин уламжлалт бизнес нь хаалттай, баригдмал, хяналттай байдаг.

Орчин үед нэтворкинг гэдэг зөвхөн худалдааны тухай мэдээлэл биш, харин ижил ашиг сонирхолтой удаан хугацааны харилцаа тогтоох үйл явц болж байна. Та цаашаагаа уншвал яагаад нэтворкинг таны ажил мэргэжлийн карьерийн чухал хэсэг болдог вэ? гэдгийг мэдэх болно.

“No man is an Island” буюу монгол төстэй хэлцээр зүйрлэвэл “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэсэн үгнүүд хүнийг зөвхөн өөрөөсөө хамааралтайгаар, гав ганцаар амьдардаггүй, заавал нэг зүйлд харьяалагдаж, бусад хүмүүстэй харилцан түшилцэж байж сайн сайхан амьдарна гэдгийг баталж байгаа юм. Үүнтэй адил та ямар ч ажил төрөл, бизнес эрхэлсэн хэр хүчтэй нэтворкинг буюу холбоо, харилцаа, сүлжээ танд байгаагаас хамааран таны амжилт хэмжигддэг байна. Тиймээс байнгын нэтворкинг хийж, танилуудынхаа холбоо, харилцааг тэлэхэд хувь нэмэр оруулсан үйлдэл хийж байвал та өөрөө зогсолтгүй хөгжиж, таны ажил болон бизнес тасралтгүй амжилттай явах нь.




Ингээд та амжилтанд хүрэхийг хүсч байгаа л бол нэтворкинг заавал хийх ёстойг тайлбарласан шалтгаануудыг доор авч үзье. Үүнд:


Санаа, бодлоо хуваалцах гүүр болдог.

Ажил мэргэжлийн амжилт бол өнгөрсөнд таны цуглуулсан асар их хэмжээний мэдээлэл болон санаа бодол байдаг. Нэтворк нь харилцаа болон итгэлцлийг урт хугацаанд тогтвортой байлгах үйлдлүүдийг хийх үед бий болдог байна. Та хүмүүстэй харилцаж байхдаа таны ажил болон амьдралд тус нэмэр болох, таны амжилтанд хүрэх туршлагаа цуглуулахад хэрэгтэй маш олон мэдээллийг хүлээн авч байдаг.


Шинэ боломжуудын гүүр болдог.

Та өөрийн ажил мэргэжил, хийж буй зүйлдээ сайн бол таны харилцаж байгаа хүмүүс тэр дороо л таны тухай ярьж эхэлдэг. Хүмүүс таны тухай ярьж эхлэхэд танд шинэ боломжуудын үүд хаалга нээгдэж байдаг. Ихэнх бизнес эрхлэгчид шинэ боломжуудыг нээхийн тулд харилцаа холбоогоо нэтворкинг хийх замаар байнга тэлж байдаг байна. Хүмүүстэй хийх төрөл бүрийн уулзалт нь боломжууд бөгөөд таны амьдралыг илүү сайхан болгоход чухал алхам болдог.


Чадвараа дахин үнэлэхэд тус болдог.

Нэтворкинг гэдэг бол зөвхөн нэг зүйл. Харин түүнийг ашиглах чадвар гэдэг өөр зүйл. Та ажил мэргэжил, бизнесийн хувьд одоо байгаа өөрийнхөө хүрчихсэн байгаа өндрийг магадгүй өөрийнхөө хүрч чадах хамгийн дээд өндөр нь гэж боддог байж болох юм. Гэхдээ та илүү сайн нэтворкинг буюу харилцаа холбоотой байсан бол өөрийнхөө сонгосон ажил мэргэжил, бизнесийн хувьд таны одоо хүрчихсэн байгаа төвшингөөс илүү өндөрт хүрч болох байсан тухай болон ижил ажил мэргэжилтэй бусад хүмүүс хэрхэн одооныхоо төвшинд хүрсэн тухай бодож байсан уу.


Таны бүтээлч оюун ухааныг сайжруулдаг.

Агуу инновацууд ихэнх тохиолдолд биднийг тойрон байгаа гадаад хүчин зүйлээс бий болдог. Олон янзын өөр ажил мэргэжилтэй хүмүүсийн оюуны чадвар нь тэдний бусад хүмүүстэй тогтоосон харилцаанаас шалтгаалан илт сайжирч байдаг. Нэг хүнтэй харьцсан энгийн нэг харилцаа ч байсан олон жил явж байгаа судалгааны ажлын үр дүнг нэг өдөрт гарахад нөлөөлж болдог байна. Ижил сонирхол, үзэл бодолтой хүмүүс хоорондоо харилцаж, санаа бодлоо хуваалцаж байхдаа илүү хүчтэй харилцаа тогтоож, тэднийг амжилтанд хүргэх бүтээлч чадваруудаа өнгөлж гаргаж ирдэг.


Урт хугацааны харилцааг бий болгодог.

Нэтворкинг нь тийм амархан бөгөөд хурдан урт хугацааны харилцаа тогтоохгүй. Өгөх болон авах үйл явцыг зэрэг хослуулж чадвал та урт хугацааны тогтвортой харилцаа тогтоож чадна.

Тэгвэл хэрхэн үр дүнтэй, сайн нэтворк буюу харилцаа бий болгох вэ?


1. Зөв хүмүүс дээр төвлөр.

Нэтворкинг хийнэ гэхээр та нэтворкингтой холбоотой бүх уулзалт, үйл ажиллагаанд очоод, хэнтэй ч хамаагүй харьцаад байна гэсэн үг биш, таны ажил, амьдралд өөрчлөлт оруулж чадах хүмүүс дээр төвлөрч харилцана гэсэн үг.


2. Win/win байдлыг бий болго.

Нэтворкинг хийж байхад та болон харилцаж байгаа нөгөө хүн чинь адилхан ашиг тус авч байх ёстой, эс бөгөөс аль нэг нь хууртагдаж байгаа мэдрэмж авч, хэзээ ч урт хугацааны харилцаа бий болохгүй.


3. Авахаасаа өмнө өг.

Нэтворкинг хийх явцад хүмүүс танаас тусламж гуйх явдал гардаг бөгөөд та энэ тохиолдолд туславал нөгөө хүн чинь ч танд эргээд туслахыг санал болгоно.


4. Холбогч бол.

Нэтворкинг хийх харилцаанаасаа та дандаа ямар нэг зүйлийг өөртөө олж авахыг битгий бод. Хэрвээ та нэг хүнийг түүнд тусалж чадах хэн нэгэнтэй танилцуулж чадвал, та тэр хоёр хүнтэй хоёулантай нь сайхан харилцаа тогтоох боломжтой боллоо гэсэн үг.


5. Дахин холбогдохоо санаж байх.

Бид ихэнхдээ хүмүүстэй удаан харилцаагүй байж байгаад гэнэт хэрэг гарахаараа харьцдаг. Энэ нь хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг тул та зөв хүмүүстэйгээ танилцсан бол тэдэнтэйгээ байнга холбоотой байгаарай.


6. Сошиал нэтворк ашиглах.

LinkedIn, Facebook and Twitter гээд та өөрийн салбарт байгаа болон өөртэйгөө ижил сонирхолтой бусад хүмүүстэй харьцах маш олон арга хэрэгсэл байдаг.


7. Өөрийн нэтворкинг групп үүсгэх.

Өөрийн сонирхдог тодорхой сэдвүүдээр групп үүсгэн, event буюу үйл ажиллагаанууд зохион байгуулж, ижил сонирхолтой хүмүүсийг татах хэрэгтэй.


Төгсгөлд нь хэлэхэд хүн гэдэг нийгмийн амьтан, нийгэм дэх харилцаанаасаа сайхан амьдрах хүчин зүйлүүдээ олж авдаг учир та шинэ хүмүүстэй танилцах, шинэ мэдээлэл сонсох боломжтой газар байнга очиж, шинэ холбоо тогтоож, харилцан мэдээлэл солилцож байгаарай.



Бэлтгэсэн: Хуульч, өмгөөлөгч П.Анударь



Ашигласан эх сурвалж:

Comentários


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page