top of page

БЭЛГИЙН ДАРАМТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МОНГОЛ УЛС...

Writer: AMCAMC

Updated: Mar 17, 2020

Гудамжинд зүв зүгээр явж байгаад янз бүрээр дуудуулах, шүгэлдүүлэх, биендээ хүсээгүй байж хүн хүргүүлэх, хүсээгүй сексийн сэдэвтэй ярианд орох, ажил дээр болон гудамжинд хүнээр ширтүүлэх гөлрүүлэхийг туулаагүй эмэгтэй хүн Монголд бараг байхгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Энэ бүх үг хэллэг, үйлдэл бол одоо бидний цахим орчинд шуугиад байгаа нөгөө “бэлгийн дарамт” (sexual harassment) шүү дээ. Гэхдээ энэ сэдвийг нэг удаа цахим орчинд шуугиад өнгөрөх биш иргэн бүр үйлдэл хийж тэмцэх хэрэгтэй байна.

Ер нь “дарамт”, “бэлгийн дарамт” гэдэг ойлголтонд эмэгтэй, эрэгтэй аль ч хүйсийн хүмүүсийг хамруулж ойлгодог боловч манайд дандаа эмэгтэй хүмүүс дээр тохиолддог учраас энэ талаас нь асуудлыг хөндлөө.

Mанай улсын хувьд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд ажлын байран дахь бэлгийн дарамтны талаар тусгасан бөгөөд энэ тухай Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргадаг талаар заасан байна. Гэвч бэлгийн дарамт үзүүлээд байгаа гэмт этгээдүүдэд жинхэнэ хариуцлага хүлээлгэх ёстой Эрүүгийн хуулинд одоогийн байдлаар зохицуулалт байхгүй байна гэдэг хамгийн том эмгэнэл. Уг нь 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулиар:


12.4 дүгээр зүйл.Бэлгийн дарамт учруулах

1.Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

хэмээн анх удаа “бэлгийн дарамт”-ыг хуульчилж заасан байсан боловч ийнхүү хэсэг бүлэг этгээдүүдийг хэргээс мултлах гэсэн зорилгоор болов уу гэж бодогдохоор ингээд учир битүүлэг хүчингүй болгочихсон.



Гадны орнуудын хууль тогтоомж болон олон улсын байгууллагуудын дүрэм, журам, тодорхойлолтыг харахад “бэлгийн дарамт”-ыг маш тодорхой бөгөөд өргөн хүрээнд дараах байдлаар тодорхойлсон байна (Та үүнийг уншиж байхдаа эдгээр үг хэллэг, үйлдэл өөрт чинь болоод өөрийн чинь ойр дотны охид, эмэгтэйчүүдэд тохиолдож байсан байна уу нэг бодоод үзээрэй). Үүнд:


· Хүчиндэх болон бэлгийн хүчирхийллийн үйлдэл хийсэн эсвэл хийхийг оролдсон.

· Хүсээгүй бэлгийн харьцаанд орохыг шаардах.

· Хүсээгүй байхад санаатайгаар хүрэх, налах, буланд шахах, чимхэх.

· Хүсээгүй байхад харах, сексийн (бэлгийн) хандлагатай дохио зангаа хэрэглэх.

· Хүсээгүй сексийн хандлагатай захиа, мессэж, дуудлага, бусад материал

· Хүсээгүй болзоонд явахыг шаардах.

· Хүсээгүй сексийн хандлагатай элэглэх, хошигнох, үг хэлэх, асуулт асуух.

· Насанд хүрсэн хүнийг охин, хүүхэлдэй, хонгор минь гэж хэлэх.

· Хэн нэгэн рүү шүгэлдэх.

· Олон нийтийн газар хэн нэгэн рүү сексийн хандлагаар орилох, шүгэлдэх, юм хэлэх.

· Сексийн хандлагатайгаар хэн нэгний тухай юм хэлэх, бичих.

· Ажил хэргийн яриаг сексийн тухай сэдэв рүү эргүүлэх.

· Сексийн хандлагатай үг хэллэг, түүх хэн нэгнийг хүсээгүй байхад ярих.

· Хэн нэгнээс сексийн төсөөлөл, бодол, түүхийг нь асуух.

· Нийгмийн болон сексийн амьдралынх нь талаар хэн нэгнээс хувийн асуулт асуух.

· Хэн нэгний хувцаслалт, бие галбир, гадаад төрхийн талаар сексийн хандлагатай зүйл хэлэх, бичих.

· Үнсэж байгаа дуу гаргах, улих, орилох, уруулаа цорвойлгох.

· Хэн нэгний хувийн сексийн амьдралын талаар худлаа ярих, цуу яриа тараах.

· Хэн нэгэнд хүзүүний массаж хийх.

· Ажилтныхаа хувцас, үс, биенд хүрэх.

· Хувийн шинжтэй бэлэг бэлэглэх.

· Хэн нэгнийг дагах.

· Тэврэх, үнсэх, зөөлөн цохих, хүрэх.

· Хэн нэгний хажууд өөртөө секси байдлаар хүрэх, үрэх.

· Хэн нэгэнтэй ойрхон зогсох, шүргэх.

· Хүнийг дээрээс доош харах.

· Хэн нэгнийг ширтэх, гөлрөх.

· Сексийн хандлагатай дохио зангаа үзүүлэх.

· Нүдээ ирмэх, үнсэлт илгээх, уруулаа долоох зэрэг нүүрээрээ илэрхийлэх.

· Гар эсвэл биеийн хөдөлгөөнөөрөө сексийн хандлагатай дохио зангаа үзүүлэх.


Амаар

· Насанд хүрсэн хүнийг охин, хүүхэлдэй, хонгор минь гэж хэлэх.

· Хэн нэгэн рүү шүгэлдэх, олон нийтийн газар хэн нэгэн рүү сексийн хандлагаар орилох, шүгэлдэх, юм хэлэх.

· Хэн нэгний биеийн талаар сексийн хандлагатай зүйл ярих, бичих

· Сексийн хандлагатайгаар хэн нэгний тухай юм хэлэх, бичих.

· Ажил хэргийн яриаг сексийн тухай сэдэв рүү эргүүлэх.

· Сексийн тухай онигоо, түүх ярих.

· Хэн нэгнээс сексийн төсөөлөл, бодол, түүхийг нь асуух.

· Нийгмийн болон сексийн амьдралынх нь талаар хэн нэгнээс хувийн асуулт асуух.

· Үнсэж байгаа дуу гаргах, улих, орилох, уруулаа цорвойлгох.

· Хэн нэгний хувцаслалт, бие галбир, гадаад төрхийн талаар сексийн хандлагатай зүйл хэлэх, бичих.

· Хүнийг хүсээгүй байхад дахин дахин хамт гарах тухай асуух.

· Хэн нэгний хувийн сексийн амьдралын талаар худлаа ярих, цуу яриа тараах.


Аман бус аргаар

· Хүнийг дээрээс доош харах.

· Хэн нэгнийг ширтэх, гөлрөх.

· Хэн нэгний замыг хаах.

· Хэн нэгнийг дагах.

· Хувийн шинжтэй бэлэг өгөх.

· Сексийн хандлагатай үйлдэл, дохио зангаа үзүүлэх.

· Гар эсвэл биеийн хөдөлгөөнөөрөө сексийн хандлагатай дохио зангаа үзүүлэх.

· Нүдээ ирмэх, үнсэлт илгээх, уруулаа долоох зэрэг нүүрээрээ илэрхийлэх.


Биеэр

· Хүзүү болон мөрөнд массаж хийх.

· Ажилтныхаа хувцас, үс, биенд хүрэх.

· Тэврэх, үнсэх, зөөлөн цохих, хүрэх.

· Хэн нэгний хажууд өөртөө секси байдлаар хүрэх, үрэх.

· Хэн нэгэнтэй ойрхон зогсох, шүргэх гэх мэт үг хэллэг, үйлдлүүдийг оруулсан байна.


Манай улсын хувьд дээр дурьдсанчлан Эрүүгийн хуулин дээрх заалт хүчингүй болсон тул одоо практик дээр охид, эмэгтэйчүүд бүр хүчиндүүлээгүй л бол нөгөө гэмт этгээд нь ямар ч хариуцлага хүлээхгүй яваад байна. Уг нь бол энэ заалт хүчинтэй хэвээр байсан бол охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамт үзүүлж байгаа тухайн үг, үйлдлийг сайн баримтжуулж аваад хуулийн байгууллагад хандаж болохоор байлаа. Одоо ингээд ямар ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй болсон үед гудамжаар яваа олон гэмт этгээдүүдийг бид хэрхэн шийтгэж, ойлгуулах ёстой вэ?

Уг нь бол нийгэм өөрөө эрүүл байх, зөв иргэн төлөвшихөд энэ асуудал хамгийн чухал байдаг. “Бэлгийн дарамт” үзүүлж байгаа үг, үйлдэл юу ч биш юм шиг, энгийн үзэгдэл шиг байдаг нийгэмд яаж бидний үр хүүхэд эрүүл, зөв сэтгэхүйтэй, бие биенээ хайрласан, зөв ёс суртахуунтай иргэн болж төлөвших вэ? Өнөөдөр дээр бичсэн “бэлгийн дарамт”-д хамаарах энэ олон ёс бус үг хэллэг, үйлдлийг бид хүлээн зөвшөөрч амьдраад, маргааш энэ үзэгдэл хүчингийн гэмт хэрэг, хүний амь нас хөнөөх гэмт хэрэг рүү шилжвэл яах вэ? Уг гэмт хэргийн хохирогчийн бие махбодиос илүү сэтгэл санаанд ямар их хохирол учирдаг тухай та нэг удаа бодож үзээд, Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хууль санаачилагч нарт саналаа уламжлах эрхээ эдлээд, эмэгтэй хүн бүр, мөн ээжтэй, эгчтэй, эмэгтэй дүүтэй, эхнэртэй, охинтой эрэгтэй хүн бүр энэ хуулийн заалтыг эргээд сэргээж, хүчин төгөлдөр болгох саналаа хууль санаачилагч нарт уламжлахыг би болоод манай байгууллагын зүгээс та бүхэнд уриалж байна.



Бэлтгэсэн: Хуульч, өмгөөлөгч П.Анударь

Commentaires


Бүртгүүлсэнд баярлалаа!

Бид таны имэйл хаяг руу мэдээлэл явуулж байх болно.

©2019 Амжилтын Танхим ТББ. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. 
НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАЛГҮЙГЭЭР АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.

bottom of page